Жүжигчин, найруулагч Г.Ундармаагийн олны анхаарал татсан “Тютю” киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин М.Цэрэндолгор шинэ цагийн сэтгэл татам бүсгүйд зүй ёсоор тооцогдоно. Манайхны ярьдгаар “төрөхийн” дур булаам, эмэгтэйлэг түүнийг “Тютю” кино нээлтээ хийв үү, үгүй юу хаанаас, хэний хэн гэдэг ямар шинэ жүжигчин гараад ирэв хэмээн амтай болгон асууж, сураглаж байсан үе саяхан.

Үнэхээр ч царай зүс, төрх байдал, авьяас, ур чадвар гээд бүх зүйлээрээ онцгойрон гарч ирсэн түүнийг найруулагч Г.Ундармаа аргагүй л онож харсан гэлтэй. Гэвч Тютю М.Цэрэндолгор маань Хээрийн галуу нисэн хүрэх газарт эрдэм өвөртөлж байгаа болохоор киноны нээлтэндээ ирээд л, “хальт үзэгдээд” өнгөрсөн. Москва хотноо Оросын театр урлагийн академид суралцдаг тэрээр зуны амралтаараа анхны кино “Тютю”-даа тоглоод амжсан нь тэр.

Тэгвэл М.Цэрэндолгор өнгөрсөн оны зун сургуулиа амжилттай дүүргэсэн бөгөөд Москвад зураг авалт нь эхлэх кинонд тоглохоор болсон гэнэлээ.  Жүжигчин бүсгүй маань Бюро 24/7 цахим хуудасны “Бюрогийн найзууд” буланд оролцжээ.

Тэрээр цахим шуудангаар өгсөн ярилцлагандаа: “Үлгэр дээр гардаг шиг л хайртай учирна гэж боддог”гэжээ. Та бүхэнд М.Цэрэндолгорын ярилцлагыг хүргэж байна.

-Хоёулаа ярилцлагаа Москвагийн театр урлагийн сургуульд хэрхэн орсон тухай дурсамжаас тань эхэлье.

-За, тэгье. Би одоо Москвагийн театр урлагийн их сургуулийн хоёрдугаар курст сурдаг. СУИС-д жүжигчний ангид хоёр жил суралцаж байгаад Орос руу оюутан суралцуулах журмын дагуу шалгалт өгсөн. Тэгээд эхний шалгалтдаа тэнцээд Москвад ирж сургууль дээрээ хоёр дахь шалгалтаа өгч тэнцэн суралцаж байна.

-СУИС-иас хэдэн хүүхэд шалгалт өгч тэнцсэн бэ. Москвад өгсөн шалгалтад чинь өрсөлдөгч олон байсан уу?

-Мэргэжил бүрт нэг хуваарь ирсэн. Нийт 400 хүүхэд өрсөлдөн тэнцсэн учраас өөрийгөө их азтай гэж боддог шүү. Москвад 4000 орос хүүхэдтэй өрсөлдсөн. Жүжигчний ангид 35 оюутан шалгаруулж авч байсан. Одоо манай анги 27 оюутантай. Ангиадаа ганцаараа гадаад оюутан. Надаас бусад нь орос оюутнууд байдаг.

-Танай сургуульд одоо хэдэн монгол оуютан сурдаг вэ?

-Манай сургуульд надаас гадна дөрвөн монгол оюутан өөр өөр ангид суралцдаг. Сургууль маань Оростоо болоод Европдоо дээгүүрт жагсдаг учраас би өөрийгөө их азтай гэж боддог.

-Москвад өртөг өндөр. Танай сургуулийн жилийн төлбөр хэд байдаг вэ. Тэнд суралцахад ямар байна?

-Оюутан хүн өглөө гэрээсээ гараад метрогоор яваад орой болтол хичээлдээ суугаад тараад гэртээ ирдэг. Төлбөрийн хувьд семистрийн 7000 ам.доллар. Би шалгалт өгөөд Орос-Монголын хамтарсан гэрээний дагуу Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг.

Жүжигчин болох багын мөрөөдөл байв уу? Хүүхэд байхдаа кино, жүжигт тоглож байсан уу. Жүжигчин болох сонголтоо хэрхэн хийж байв?

-Багаасаа л урлагийн хүн болно гэж боддог байсан. Аав, ээж маань ч жаахан байхаас хичээлээс гадуурх урлаг, спортын олон төрлийн дугуйлан дамжаанд явуулдаг байсан нь их нөлөөлсөн гэж боддог. Арван жилээ СУИС-ийн лицей бүжгийн ангийг төгссөн. Тэр үед л би бүжигчин болно гэж шийдчихсэн төгссөн. Гэхдээ СУИС-д жүжигчний ангид элсэн ороод одоо Москвад суралцаж байна.

-Москвад хэдэн жил болж байгаа вэ. Хоёрдугаардугаар курс гэсэн шүү дээ. Магадгүй хэлний бэлтгэл гээд нэг жил сурсан уу?

-Ирээд гурван жил болж байна.

-Саяхан чиний гол дүрд нь тоглосон “Тютю” кино нээлтээ хийсэн. Жүжигчин Ц.Ундармаагийн “Тютю” киноны саналыг анх хэнээс авсан бэ. Энэ киноны юу нь чамайг өөртөө татан дэлгэцнээ гаргав?

-Балетчин охины тухай кино хийгдэх гэж байгаа тухай сонсоод нууцхан энэ уран бүтээлд оролцох юмсан гэсэн бодол байсан. Анх Ундармаа эгч надтай холбогдоод, киноны тухай танилцуулахад зохиолоо уншаад л шууд л балетынхаа бэлтгэлдээ орж эхэлсэн. Анхны уран бүтээл балеттай холбоотой гол дүр, уран бүтээлийн сайн баг хамт олон байсан нь надад их нөлөөлсөн.

-Балетаар хичээллэж байсан гэсэн. Монголд уу, Москвад уу?

-СУИС-ийн лицей бүжигчний ангид байхдаа хичээллэж байсан минь тус болсон. Одоо сургуульд маань ч хичээлийн хөтөлбөрт бүжгийн хичээл байдаг. Мөн киноны бэлтгэл ажил эхлээд Дуурь, бүжгийн эрдмийн театрын мэргэжлийн балетчидтай бэлтгэл хийж байсан. Балетын зураг авалтын бүхий л хугацаанд сэтгэлээсээ зааж, зөвлөж өгч байсан тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна.

-“Тютю” киног хоёр зохиолоор зэрэг зураг авалтыг нь хийж байсан гэж дуулсан. Бараг л нэг зэрэг хоёр уран бүтээлд тоглох ямар байсан бэ?

-Гол дүр Алимаагийн амьдрал маань их адал явдалтай. Тиймээс олон өөр өөр газруудад зураг авалт болсон. Театрын тайз, нийтийн байр, мод бэлтгэлийн газар гээд л.

-Анхны уран бүтээл ямар байв аа?

-Зураг авалтын өдөр бүр шинэ номын хуудас шиг л байсан. Хэцүү зүйлүүд байсан шүү. Тэр бүрт кино группынхэн маань хэлж, зааж, зөвлөж байсан. Мөн найруулагч Ундармаа эгч жүжигчин хүн учраас хамтран ажиллахад олон зүйлийг сурч мэдэж авсан. Хамгийн хэцүү нь үргэлжилсэн сцени авч байсан өдрүүд. Кино бол баг хамт олны хүчээр бий болдог.

-“Тютю”-д тоглож байхад хөгжилтэй явдлууд хэр тохиолдож байв. Амьдрал дээр дэлгэцийн бүтээлд тоглоход онол практик хоёр хэр зөрчилдөж байсан бэ?

-Онол дээр суурилсан практик байсан. Зураг авалтын ард кино багийнханы хувьд хөгжилтай явдлууд их байсан. “Тютю” драмын төрлийн кино. Уйлдаг хэсэг олон. Уйлаад л уйлаад л байна /инээв/ Тэгээд уйлдаг зураг авалт дуусахаар бүгд чимээгүй дор бүрнээ өөрсдийн ажлаа хийгээд нам гүм болчихно. Хамтран тоглосон уран бүтээлчид, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин О.Гэрэлсүх, Амбий буюу Ц.Батхуяг, Д.Бямбацогт ах нар  зураг авалт бүрт надад туслан зааж, зөвлөж байсан. Гавьяат жүжигчин Жаргалсайхан ах ГИТИС-ийн төгсөгч. Надад хуучны сайхан дурсамжуудаасаа их ярьж өгдөг байсан.

-Хэрвээ энэ кинод тайчдаг хэсэг байсан бол чи тоглох байсан уу?

-Зохиолоо уншсан, найруулагчтайгаа ярилцсан. Би оюутан хүн. Тиймээс анхны уран бүтээлээрээ өөрийгөө нийгэмд ямар байдлаар яаж, иэлрхийлэх нь надаас шалтгаална гэж боддог.

-Монголын шинээр гарч буй кинонуудыг хэр үздэг вэ?

-Хамгийн сүүлд “Үргээлэг” киног үзсэн. Сайн бүтээл болсон байсан. Үнэхээр таалагдсан. Мөн “Үргээлэг” киног хийсэн “Prime pictures”, “Black zebra”-гийн хамт олонтой “Тютю” кинод хамтран ажилласандаа баяртай байгаа.

-Сургуулиа төгсөөд эх орондоо ирж ажиллах уу?

-Одоо ахиад хоёр жил суралцаад төгсөнө. Сургуулиа төгсөөд л энэ талаар шийднэ дээ.

– Залуу хүн хоосон мөрөөдлөөс илүү өөртөө тодорхой зорилго тавиад түүнийхээ төлөө шантрахгүй хөдөлмөрлөх хэрэгтэй –

-Ирээдүйн чиний өөрийгөө илэрхийлэх урлагийн талбар ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Миний ойрын зорилго бол сургуулиа сайн төгсөх. Миний мэргэжил театр, киноны жүжигчин. Төгсөөд сайн уран бүтээлч болохын тулд одооноос л өөрийгөө сайн бэлтгэж байна даа. Хүсэл мөрөөдөл бол хязгааргүй ээ. Залуу хүн хоосон мөрөөдлөөс илүү өөртөө тодорхой зорилго тавиад түүнийхээ төлөө шантрахгүй хөдөлмөрлөх хэрэгтэй гэж боддог.

-СУИС-д суралцах Москвагийн их сургуульд суралцах хоёрын хооронд ялгаа их байгаа байх. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Сургалтын ерөнхий систем адилхан ч энд оуютнуудад уран бүтээлч сэтгэлгээ, завгүй байх, өөрийгөө хөгжүүлэх талаас нь их анхаарч байнгын бэлтгэл, сургуулилт, уншлага, дадлага, театр үзвэр гээд олон талаар нь анхаардаг.

-Аав, ээж чинь ямар мэргэжилтэй вэ. Чи айлын хэд дэх хүүхэд вэ?

-Аав маань хувийн бизнес эрхэлдэг. Ээж төрийн албан хаагч. Нэг ахтай дороо гурван дүүтэй.

-Айлын ганц охин юм уу?

-Хамгийн бага дүү маань хоёр настай охин бий. Өмнө нь бол би айлын ганц охин байсан /инээв/

Багадаа нэлээд хөдөлгөөнтэй сахилгагүй охин байсан уу. Эсвэл эсрэгээрээ даруухан охин байв уу?

-Багадаа их л сэргэлэн хөдөлгөөнтэй хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсон идэвх сайтай хүүхэд байсан.

– Үлгэр дээр гардаг шиг л хайртай учирна гэж боддог –

-Найз залуутай юу?

-Байхгүй ээ. Киноныхоо нээлтийн маргааш нь л Москвад ирээд л семистрийн шалгалтууд эхэлсэн. Цаг зав бага байдаг юм аа.

-“Тютю” кинонд ариун хайр дурлалын тухай гардаг. Хэрвээ хайртай л бол бүхнийг уучилдаг бас хэзээ ч хайр өөрчлөгддөггүй гэж. Чи үүнтэй санал нийлэх үү?

-Амьдрал баялаг. Би их мөрөөдөмтгий л дөө. Үлгэр дээр гардаг шиг л хайртай учирна гэж боддог. Хүмүүс тэгэхээр жаахан байна даа гэдэг юм. Кино, сонгодог зохиол дээр гардаг хайр, дурлалууд бүгд л амьдралаас сэдэвлэсэн үнэнч, ариун нандин, гэгээлэг байдаг шүү дээ. “Тютю” киноны зохиолоос одоог хүртэл сэтгэлээс гардаггүй үг гэвэл “Аз жаргалтай эмэгтэй хүн л хамгийн үзэсгэлэнтэй байдаг”.

-“Тютю” нээлтээ хийгээд удаагүй байгаа ч чамд өөр киноны санал ирсэн үү? Магадгүй кино саналууд ирээд таалагдвал тоглох уу?

-Киноны санал ирсэн. Гэхдээ би хоёрдугаар курсын оюутан хүн учраас сурах юм их байна. Хичээлээ хийх хэрэгтэй. Түүхий жимс, амтгүй хатуу байдаг шүү дээ. Түүнтэй адил боловсрох, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй.

-Чиний дуртай кино болон кино жүжигчин хэн бэ?

-Ал Пучино, Жулиа Робертс, Том Хайнкс, Натали Портман гээд олон хүн бий. Оросын кино найруулагч Иван Вырыпаев гэдэг хүний кинонуудыг сүүлийн үед их судалж, үзэж байгаа. “The Truman show” киног бол амьдралдаа хэдэн ч удаа үзсэн уйдахгүй байх аа.  Мөн Монголын алтан үеийн жүжигчдийн тоглосон кинонуудыг үзээд уран чадварынх нь талаас суралцах юм их байдаг.

-Баярлалаа. Сурлагад нь амжилт хүсье. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, сайн уран бүтээлч болоорой.

-Баярлалаа.

Эх сурвалж: buro247.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here