Өнгөрсөн дөрөвдүгээр сард Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт иргэн Б.Рэгзэндорж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хаваржаандаа байсан С.Наранбадрахын гэрийг дайрч, хоёр хүний амь хохирсон ноцтой осол гарсан.

Улмаар энэ хэргийг шүүх хурал энэ сарын 21-нд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Шүүх хурал өмнө нь гурван удаа хойшилж, эцэст нь осол гаргасан Б.Рэгзэндоржид хоёр жилийн ял оноосон байна. Түүнийг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хянагчид аймгийн хорих анги руу ачин явуулжээ. Харин шүүхийн шийдвэрийг хохирогчдын ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Бид талийгаач таван настай хүүгийн аав Санжидын Наранбадрахтай ярилцлаа.

-Юуны өмнө танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Та ослын талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

-Тэр хар өдрийг эргэн дурсъя гэхээр элэг эмтрэх шиг болох юм. Ярихад үнэхээр хэцүү байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр манайх Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрханы хоёрдугаар багийн нутаг Өндөр-Хүр гэдэг газар хаваржаандаа байхад болсон хэрэг. Тухайн үед манайх ямаагаа самнаж байгаад өдрийн цайгаа уух гээд бүгдээрээ гэртээ орж ирээд сууж байсан юм. Гэрт гурван хүүхэд, миний эхнэр, хотоос ирсэн нэг хүн мөн ямаа самналцах гэж ирсэн нутгийн хоёр хүн байсан. Гэтэл гаднаас дүү маань “Хойноос нэг машин их хурдтай, тоос татуулан ирж байна” гэсэн. Гэтэл тэр машин хурдаа хасалгүй явсаар яах ийхийн зуургүй манай гэрийг дайрсан. Тухайн үед бид шоконд орсон. Нэг мэдсэн миний бага хүү, манайд ямаа самнах гэж ирсэн гэр бүлийн хоёр хүний нөхөр нь дайруулчихсан байсан. Ингээд бид сандарч түргэн дуудаж, эмнэлэг бараадсан ч тавхан настай бяцхан хүү маань амьсгал хураасан. Мөн нутгийн ах маань газар дээрээ бурхан болж, эхнэр нь хүнд гэмтсэн. Үнэхээр харуусмаар үйл явдал болсон.

-Осол гаргасан жолооч тухайн үед согтуу байсан юм уу?

-Согтуу байсан. Рэгзэндорж гээд 55 настай хүн. Манай сумын хүн л дээ. Нэг нутаг усных болохоор мэндийн зөрүүтэй л явдаг. Хүүг минь биднээс салгасан этгээд тэр өдөр сумын төвөөс хөдөө гэр рүүгээ явж байгаад осол гаргачихлаа гэж шүүх хуралдааны үеэр ярьсан. Осол болсны дараа Рэгзэндорж сар гаруй хоригдоод батлан даалтад гарсан. Тэгээд өнөөдрийг хүртэл гадуур сул чөлөөтэй явж байгаад сая шүүхийн шийдвэрээр хоёр жилийн ял авч байна. Бяцхан хүүтэй минь хамт өөр нэг хүний амь насыг хохироосон алуурчинд хоёр жилийн ял оноодог нь шударга юм уу. Би шүүхийн шийдвэртэй үнэхээр санал нийлэхгүй байна.

-Осол гаргасан этгээд ямар машин жолоодож байсан юм бэ?

-Мазда фамили гэдэг гэр бүлийн машин. Тухайн үед жолооч тормоз гишгээгүй шууд ирж мөргөсөн учраас хурд тодорхойлох ямар ч боломжгүй байсан гэж цагдаагийнхан дүгнэсэн байсан.

-Энэ хэргийг шүүх хурал өмнө гурван удаа хойшилсон гэнэ. Яагаад ингэж олон удаа хойшилсон юм бол?

-Шүүх хурал хамгийн анх аравдугаар сарын 20-нд зарлагдаад тэр хурал дээр манай өмгөөлөгчийн шүүх хурал давхцаад хойшилсон юм. Улмаар нэг сар орчим хойшлууллаа гээд сураггүй болчихсон. Бүр арванхоёрдугаар сар гарчихаар нь яагаад чимээгүй болчихов гээд асуутал арванхоёрдугаар сарын 18-нд шүүх хурал болохыг ослын улмаас нөхөр нь нас барсан нутгийн эгч над руу утсаар дуулгасан юм. Бид шүүх хурал болно гэж тэр эгчээс л анх сонссон. Юу ч мэдээгүй. Уг нь шүүх хурал болохоос хэд хоногийн өмнө мэдэгдэх ёстой биз дээ. Бид малчин хүмүүс. Хээр хөдөөнөөс төв рүү шууд явахад хугацаа хэрэгтэй шүү дээ. Гэтэл бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй. Өмгөөлөгчөөсөө асуухад бас мэдээгүй байсан. Рэгзэндоржийн өмгөөлөгчтэй ярьтал “18-нд шүүх хурал болох тов гарсан шүү дээ. Та нарт хэлээгүй юм уу” гэсэн. Манай өмгөөлөгч мэдээгүй байхад хэрэгтний өмгөөлөгч мэдчихсэн байсан нь сонин. Ингээд би шүүх хуралд орохоор хөдөөнөөс хот руу орж ирсэн. Гэтэл шүүхээс 17-ны орой над руу залгаж маргааш өглөө 11 цагаас шүүх хуралтай шүү гэж хэлсэн. Энэ хууль бус шүү дээ. Хуулиндаа шүүх хурал болохоос гурваас доошгүй хоногийн дотор зарлан мэдэгдэх ёстой гэж байдаг юм билээ. Гэтэл шүүх хурал эхлэхийн өмнө арваннэгдүгээр сарын 22-нд шүүх хурал бас хойшлогдсон байна гэж хэлсэн. Түүнийг нь бид нарт огт мэдэгдээгүй, яаж, ямар шалтгаанаар хойшлуулсан юм бүү мэд. Манай өмгөөлөгч ч мэдээгүй. Хэрэгтний өмгөөлөгч шүүх хуралтай гээд хойшлуулсан байгаа юм. Шүүхийнхэн ингэж л ажиллаж байна. Хэний талд ажиллаад байгаа юм бэ. Хэрэг хийсэн хүний талд ажиллаад байгаа юм уу. Бид гайхаж байна.

-Хоёр хүний амь насыг хохироосон этгээдэд хоёр жилийн хорих ял оноодог нь хууль дэндүү сул байна гэлээ. Шүүх хурлаар Рэгзэндоржид ял оноосон үндэслэлээ юу гэж тайлбарласан бэ?

-Энэ сарын 21-нд болсон шүүх хурал дээр улсын яллагч нь жирийн дэглэмтэй хорих ангид таван жил хорих саналтай байна гэхэд шүүгч нь шийдвэрээ уншихдаа шууд хоёр жил болгочихсон. Ямар үндэслэлээр хоёр жил болгож байгаагаа ч хэлээгүй. Бид шүүхээс гаргасан энэхүү шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Гомдолтой байна. Бүхэл бүтэн хоёр хүний эрдэнэт амь насыг хэрцгийгээр хохироосон хүнд яагаад хоёрхон жил хорих ял оноож байгаа юм. Бараг жил гаран шоронд суучихаад л гарч ирэхээр байна шүү дээ. Саяхан батлагдсан шинэ эрүүгийн хуулийн 27.10-т “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хоёр буюу түүнээс дээш хүний амь нас хохироосон бол 2-8 жилийн хорих ял онооно” гэж заасан байна. Гэтэл хөнгөрүүлэх үндэслэлээ хэлэхгүйгээр хамгийн доод ялыг нь өгчихлөө. Таван жилийн ял төлөвлөснийг ядаж дөрвөн жил болгох болов уу гэтэл шууд хоёр жил болгосонд гомдолтой байгаа.

-Танай гэр бүлийн хохирлыг мөнгөөр барагдуулах боломжгүй. Гэхдээ эд хөрөнгө, бусад хохирлыг Рэгзэндорж гэх этгээд барагдуулсан уу?

-Манай гэрээс бараг юм үлдээгүй. Гэр авах мөнгө өгсөн. Түүнийгээ хохирол барагдуулсан гэж яриад байгаа. Тэр хүнээс хичнээн төгрөг авсан ч бидний хүү эргээд босоод ирэх биш дээ. Хамгийн гол нь хүн хийсэн хэрэгтээ эзэн болж, хариуцлагаа хүлээх учиртай. Эрдэнэт хүний амь насыг хохироосон этгээдэд Монгол Улсын шүүх хатуу байх ёстой. Бидэнд одоогийн байдлаар Рэгзэндорж оршуулгын зардал гэж гурван сая төгрөг, гэр орон авах 10 сая төгрөг, нийт 13 сая төгрөг өгсөн. Эд хөрөнгө ч болчихно. Удам залгах үрээ алдсан бидний сэтгэл санааны хохирол, уй гашууг тэр хүн яагаад ч барагдуулах боломжгүй шүү дээ. Хуулинд гэмт хэргийн улмаас гарсан хор уршиг, үр дагавар гэсэн заалт байна. Тэр заалтын дагуу хоёр талын хоёр хохирогчийн ар гэрийнхэн 50, 50 сая төгрөг сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн. Гэтэл түүнийг шүүх дээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжил гээд орхичихсон. Учирсан хор хохирол нотлох баримттай байх ёстой гэнэ үү. Бид сэтгэл санаа хэцүү байгаа гэдгийг, юугаар нотлох юм бэ. Сэтгэл санааны хувьд 50 саяар ч үнэлэгдэхгүй маш хэцүү байна. Хүнээ, үр хүүхдээ алдсан хүн л энэ бүхнийг мэдэрнэ. Гэтэл шүүх хурал дээр хэрэгтэн “Энэ арай л их мөнгө байна. Төлж барахгүй” гэсэн юм ярьж байсан. Бид энэ хүнийг шүүхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй учраас давж заалдах нь тодорхой байлгүй. Хоёр хүний аминд хүрсэн этгээдэд ердөө л хоёр жилийн ял оноосонд гомдолтой байна

-Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй учраас давж заалдах нь тодорхой байлгүй?

-Мэдээж хэрэг. Хоёр хүн алсан этгээд хоёрхон жилийн хорих ялаар шийтгүүлнэ гэдэг арай л дэндүү байна. Шүүхийн шийдвэрээ авсны дараа давж заалдах ёстой юм байна. Бид энэ талаар өмгөөлөгчтэйгөө ярьж байгаа. Монгол Улсын дээд шүүх хуулийн дагуу гэм буруутай этгээдэд зохих ял шийтгэлийг нь оногдуулах биз.

эх сурвалж: өдрийн сонин

todaybest10.com

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here