Өнгөрсөн аравдугаар сард таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн хэрэг нийгмийг цочроогоод байсан билээ. Тэгвэл энэ сарын 13-ны өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ванданваанчигт холбогдох эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэн, гэм буруутайд тооцож, түүнд 18 жилийн хорих ял оноосон байна.


Хэргийг эргэн сөхвөл, өнгөрсөн аравдугаар сарын 14-нд охины нагац эгч нь охиныг хүчиндүүлсэн гэж мэдээгүй бөгөөд яагаад явж чадахгүй байгаа талаар хойд эцгээс нь асуухад “Гулсуураас унаад ийм болсон. Эмчид үзүүлэх гэж байгаа” хэмээн хариулсан байдаг. Маргааш өглөө нь охиныг гэр лүүгээ дагуулж явах замдаа бие засуулж, гуяыг нь дагаад цус урссан байсныг анзаарчээ. Энэ тухай нөхөртөө хэлж, нөхөр нь охиныг шүүх эмнэлэг дээр авч очин дүгнэлт гаргуулахаар хандсан байдаг.


Нагац эгчийнх нь нөхөр охиноос юу болсон талаар асуухад “Аав согтуу орж ирээд, намайг хувцсаа тайл гээд тайлуулсан. Тэгээд б**жгойгоо хийсэн, цус гарч өвдөөд, би их уйлсан” гээд алхаж чадахгүй байсан гэдэг.


Хүчирхийлэлд өртсөн охины тухай энэ мэдээллийг анх цахим сүлжээгээр түгээсэн залуу “Охиныг шүүх эмнэлэгт ирэхэд хураамжийн 10000 төгрөг төлөхгүй бол үзлэг хийх боломжгүй гээд буцаасан” хэмээн мэдээлж, улмаар 10000 төгрөгийг нь төлж байж охинд үзлэг хийлгэсэн бөгөөд уг мэдээллийг цахим сүлжээнд байрлуулснаар энэ жигшүүрт хэрэг нийгэмд ил болсон юм.

А.Уян

Эх сурвалж:Zindaa.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here